
Одоо ч ер нь эрт цас орж хүйтрэх болждээ эрт ч гэсэн хааяа нэг цас ороод хичнээн сайхан байнаа өвөл ч болж байна нэг бодлын гоё байна шүү. Хэдий гадаа цас ороод хүйтэрч байгаа ч гэсэн хайртай хосуудын маань сэтгэлд хайрын гал нь дүрэлзсэр л... Хайртай хосууд гараа хотлолцон яваад л бие биенээ хахир хүйтнээс хамгаалах мэт даарахвий гэсэн шиг ороолтыг нь ороож өгөөд , малгайг нь өмсүүлж байх нь хичнээн жаргалай харагдана гээч. Саяхан миний нэг найз өөрийн найз охиноосоо салах дээрээ тулаад байсан овоо нэг эвлэрсэн гэнэ муудалцаад л байсан унтрах дөхсөн хайрын гал эргэн асжээ. Ганц бие хүмүүс маань эхнээсээ 2лаа болоод л сайхан байна шүү . Зарим нэг нь хайртаасаа хагацан салж байхад, зарим нэгнийх нь хайрын гал нь ундран оргилж байх нь хүмүүний ёс ч юм шиг. Өвөл болоод л хамгийн их ганцаарддаг нь ганц бие хүмүүс болуу гэж боддын би тиймээс ганц бие залуучууд, бүсгүйчүүд минь хамт жаргалаа хуваалцах хэн нэгэнээ олоорой л гэж , харин хосууддаа гэж хэлэхэд хэн нэгнээр хайрлуулж байгаа нь хамгийн их аз , хувь ерөөл учраас хайртыгаа хайр халамжаар дутаалгүй түүндээ хайртай гэдгээ үг хэлээрээ биш үйл хөдлөлөөрөө байнга илэрхийлж байгаарай. Хэхэ өнөөдөр би чинь гэнэт цасыг санагалзаад л гадаа оруулж чадахгүй юм чинь ядаж блогдоо цас оруулчихлаа, үгүйлэгдээд байсан нь арай л гайгүй боллоо. Гадаа хурдхан цас ороосой гээд л тэсэн ядан хүлээж байна даа. Тэгээд Х.Болор-Эрдэнэ эгчийн "Диваажингийн хоригдлууд" номноос уншсан өгүүллэгээ оруулж байна.
Цас хүнд дурлажэ.
Цас хүнд дурлажээ. Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ л дурласан юм даа.
Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар. Үдэш орой. Өнөөх бүсгүй цонхон дээрээ. Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтэй. Тэр инээмсэглэн будрах цасыг ажина. Бүр ширхэг бүрийг нь алдалгүй харахыг хичээнэ. "Тийм баяртай инээмсэглэл, гэрэлтсэн харц. Яг тэндээ, яг тэндээсээ битгий холдоосой" гэж цас бодлоо. Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв. Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв.
Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч, хөөрсөндөө хамгийн том хамгийн ганган ширхгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв. Цас өөрийнхөө сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгүй, зүг чиггүй бужигнаж, уурласан нөхөр шиг тал талаас хуйсганалаа. Төдөлгүй өнөөх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ үед бүсгүйн нүүрэн дээрх хөгжилтэй инээмсэглэл аажимхан алга болж, харцан дахь гэрэл нь хэрхэн бөхөхийг цас мэдэх ч завгүй хүүгэнэ. Хөөрсөөр, шуурсаар.
Цас өөрийнхөө сүр хүчийг бахдан гайхна. Эмх цэгцгүй энэ үйлдлээсээ сүүлдээ өөрөө ч бүсгүйг олж харахаа болив. Гэнэт тэр өнөөх цонх руу харлаа. Бүсгүй алга. Цонхонд хөшиг татжээ. Тэр яаж ч хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангүй. "Намайг хараач. Намайг хайрлаач" цас хамгийн том, хамгийн ганган ширхгүүдээрээ бүсгүйн цонхыг ийнхүү балбана. Гэвч түүний энэ их хүч бороон дуслын чимээ ч өгсөнгүй. Шөнөжин бүсгүйн цонхыг балбасан цас өглөө нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бүсгүйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ. Нар гялбасан хаврын цэлмэг өглөөний туяаг согттолоо ууж хөлчүүрхсэн цас үдийн алдад бялбаганасан саарал юм болсон байв.
Төдөлгүй өнөөх цонхны хөшиг алгуурхан нээгдэж бүсгүйн гоо царай гарч ирлээ. Хөлчүү цас сүүлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бүсгүй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов.
Цасыг хайлж урсаад дуусан дуустал бүсгүй гэрээсээ гарахгүй байхаар шийджээ.



Сэтгэгдэлүүд:
amjilt huurhunuu.........
hr gegeen bdag gj humuus yaridag ch gelee hrlaj yavah gedeg uneher hetsuu.. humuus hunii hr daahgiu yumaa...
Сэтгэгдэл үлдээх: